
Нэрт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт С.Гончигсумлаа агсны нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж хэмээх их өргөөнөөс Монголын урлаг болон нийгмийн төлөвшил, соён гэгээрүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулсан олон авъяастанууд мэндэлсэн. Хүүхэд багачуудад урлагийн болон гоозүйн боловсрол олгох цорын ганц урлагийн сургууль гэдгийг хэн хүнгүй мэднэ. Өрөө болгоноос нь хөгжмийн уянгалах чимээ сонсогдсон энэ л сургуулиас “Камертон”, “Эмоушн”, хийлч Дэлгэрцэцэг зэрэг чадварлаг уран бүтээлчид төрөн гарсан билээ. Камертон хамтлагийн гишүүд өөрсдийн өсөж, хүмүүжиж, урлагийн боловсрол эзэмшсэн сургуулийнхаа танхимаас дахин нэг цоо шинэ өнгө төрхтэй хөвгүүдийн хамтлаг төрүүлэхийг зорьж байна. Учир юун гэвэл билэгдэлээ бодож, мөн Хөгжим Бүжгийн Коллежийн шинэ байр ашиглалтанд орж, будагны үнэр нь арилж амжаагүй шинэхэн танхимд “Камертон 2” шоуны 1-р шатны шалгаруултын зураг авалт явагдахаар болжээ. Авъяас билэгийн ундарга болсон 724 залуусын ямар азтай, одтой аавын хүү 2-р шатанд тэнцэх эсэх нь шийдэгдэх юм байна. Шилдэгийн шилдэг хамтлаг болохоор зэхэж байгаа залуучуудыг урлагийн заяа түшиж, Янжинлхам бурхан ивээх болтугай. “Камертон 2” шоуны 1-р шатны шалгаруулалт 2012 оны 3-р сарын 5-нд эхлэх бөгөөд оролцогчид зураг авалтын хуваариа
www.camerton2.mn сайтаар харах боломжтой юм байна.